Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Угаасан эр бэлгийн эсийг умайн хөндий рүү цацах (IUI)


Энэхүү ажилбарын  онцлог нь эмэгтэйн өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж  өндгөн эс гадагшлах хугацааг  тааруулан  үрийн шингэнийг  угааж эр бэлгийн эсүүдийг ялган авч умайн хөндий рүү цацах юм. Энэхүү аргыг ихэнхдээ үрийн шингэнд байгаа эр бэлгийн эсүүдийн тоо цөөн, хөдөлгөөн удаан  зэрэг эмгэгүүдийн үед хэрэглэхээс гадна эр бэлгийн эсийн донор авч байгаа ганц  бие эмэгтэйчүүдэд,  дархлааны гаралтай үргүйдлийн үед хэрэглэдэг. 

Алхам-1 Эмчийн үзлэг зөвлөгөө, хяналтанд орно.

Алхам-2 Шинжилгээнд хамрагдана

Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх,  ажилбарын явцад гарч болох  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Алхам-3 Өндгөвчний үйл ажиллагааг дэмжих

Эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц өндгөвчний үйл ажиллагааг дэмжих эм тариаг хэрэглэж өндгөн эс боловсролтыг дэмжинэ.

Алхам-4 Хяналт

Өндгөвчний үйл ажиллагааг үтрээний хэт авиан шинжилгээгээр  боловсорч буй уутанцарт үнэлгээ өгнө.

Алхам-5 Өндгөн эс гадагшлах

Уутанцар   боловсорч гүйцмэгц   өндгөн эс гадагшлалтыг  дэмжигч HCG тариа тарьж, ажилбарт орох хугацааг эмч тодорхой зааж өгнө.

Алхам-6 Ажилбарт орох өдөр эрэгтэй үрийн шингэнээ өгнө.

 Үрийн шингэн өгөхөөс 48-72 цаг (2-3 өдөр)-ийн өмнөөс доорхи шаардлагуудыг хангаж эхлэнэ.

  1. Бэлгийн хавьталд орохгүй, өөр ямар нэг байдлаар үрийн шингэн гадагшлуулаагүй байх
  2. Архи согтууруулах бүх төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  3. Сауна, халуун устай ваннд суухгүй байх. Шаардлагатай тохиолдолд шүршүүрт орж болно.
  4. Хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй, тайван стрессгүй амрах хэрэгтэй.

Алхам-7 Эр бэлгийн эсүүдийг үрийн шингэнээс ялган авч угааж цэвэрлэн  бэлтгэх

Эрэгтэйн үрийн шингэнийг лабораторийн орчинд тусгай уусмалаар  угааж  цэвэрлэн эр бэлгийн эсийг ялгаж авна. Энэхүү ажилбар нь 60-90 минут үргэлжилнэ.

Алхам-8 Умайн хөндий рүү эр бэлгийн эсүүдийг цацах ажилбар

Эр бэлгийн эсүүдийг цацахад бэлтгэсний дараа эмэгтэйг ажилбарын өрөөнд оруулж, үтрээ болон умайн хүзүүг цэвэрлэн бэлтгэж тусгай зориулалтын ариун гуурсыг умайн хөндийд оруулж эр бэлгийн эсүүдийг гуурсаар дамжуулан цацаж өгнө

Алхам-9 Үр дүнг хянах

IUI ажилбарын дараа жирэмсэн болох магадлал эмэгтэйн нас, үргүйдлийн шалтгаанаас хамаарч 6-12% байдаг. Дунджаар 35 хүртэл насны эмэгтэйд 10%, 35-40 насны эмэгтэйд 5-10% байдаг бол 40 дээш насны эмэгтэйд 5% жирэмсэн болох магадлалтай гэсэн дэлхийн дундаж статистик тооцоо байдаг. IUI ажилбарт хамрагдсанаас хойшхи 14 хоногт сарын тэмдэг үзэгдэхгүй бол жирэмсний тест үзэж хянах шаардлагатай. 



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003