Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Жирэмсний хяналт


Жирэмсний хяналт үзлэг шинжилгээ:

Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Хүсвэл өөрийн итгэл хүлээлгэсэн хувийн эмэгтэйчүүд, эх барихын эмнэлэгт давхар хяналтанд байж болно. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв та жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.

Жирэмсний хяналтанд эрт орсноор:

  • Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
  • Танд болон нөхөрт  тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
  • Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
  • Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.

Жирэмсэн үед ямар шинжилгээ өгөх вэ?

Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж цус шээсний ерөнхий шинжилгээ , үтрээний наац буюу мазокийн шинжилгээ авна.

  • Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж ургийн өсөлтийг тодорхойлно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд биеийн жин 10кг орчим буюу 7 хоног тутамд 300-500гр нэмэгддэг. Харин жирэмсний сүүлийн 3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь та болон таны хүүхдэд ноцтой аюул учруулахгүй.
  • Шээсний шинжилгээгээр сахарыг хэмжсэнээр чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх ач холбогдолтой ба хэрэв танд чихрийн шижин өвчин илэрвэл та дотрын эмчийн хяналтанд давхар байх хэрэгтэй. Шээсэнд уураг тодорхойлж үзэх нь бөөрний үйл ажиллагаа үнэлнэ.
  • Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэх, үрэвсэл, элэг бөөрний үйл ажиллагаа,  Дох-ийн шинжилгээ болон бусад үзүүлэлтүүдийг хянаж үздэг.
  • Мөн жирэмсэн болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлгийг эхийн резус факторийн хамт тодорхойлдог. Цусны шинжилгээнд ямар ямар үзүүлэлтүүдийг үзэхийг тухайн хүний биеийн байдлаас хамаарч хийнэ.
  • Үтрээний наац буюу мазокоор үтрээний үрэвсэл, БЗХӨ-ийг илрүүлнэ.
  • Дотуур болон гадуур үзлэгээр жирэмсний хугацаа, ургийн байрлалыг тодорхойлно.
  • Эхо буюу хэт авиан шинжилгээгээр ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, гаж хөгжил байгаа эсэх мөн ургийн ус, ихэс, хүйн байдалд үнэлгээ өгнө. Эх жирэмсний хугацаанд 3 удаа хэт авиан оношилгоо ёстой.  Жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт, 30-35 долоо хоногт. Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэгэн зовиур илэрвэл үүнээс ч олон удаа цаг алдалгүй эход харуулах шаардлагатай. Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө байдаггүй тул эх болон урагт ямар ч аюулгүй.
  • Флюрография буюу цээжний рентген зургаар уушигний эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.  
  • Шүд, нүд, чих хамар хоолой, дотор,  мэдрэл, халдварт гээд бусад нарийн мэргэжлийн эмчид мөн үзүүлдэг.
  • Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний , төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний болон төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чадна.


Хэрэв ТА:

  • 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
  • 5-аас дээш удаа төрсөн
  • Бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй
  • Эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй ( зүрх судас, бөөрний эмгэгүүд, цусны даралт ихсах гэх мэт)
  • Өмнөх жирэмслэлт, төрөх , төрсний дараа үед хүндэрч байсан
  • Хоол тэжээлийн дутагдалтай, зулбаж байсан
  • Олон удаа үр хөндүүлж байсан бол Жирэмсний , төрөх төрсний дараах үед хүндрэх, амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрөх өндөр эрсдэлтэй байна. 

Жирэмсэн үед доорхи шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:

Эдгээр шинжүүд нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.

  • Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
  • Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
  • Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
  • Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003