Орчин үеийн хүмүүс хүний бие эрхтэн тогтоцооны талаар нарийн судалж мэдэх шаардлагатай бөгөөд эмч л мэдэх ёстой гэсэн ойлголт халагдаж, эрүүл аж төрөх үндэс бол хувь хүн өөрөө эрүүл мэндийн боловсрол өндөр байж аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ гэдгийг маш сайн ойлгох болжээ . Хүний нөхөн үржихүй явагдах үндэс нь бэлэг эрхтэн юм. Бэлэг эрхтэний ачаар бэлгийн дааврууд ялгарч бэлгийн эсүүд бий болж, үр тогтож түүнийгээ тээж төрүүлдэг гайхамшигтай.
Эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнийг байршлаар нь гадна, дотор гэж 2 ангилна. Хэвлийн хөндийн гадна оршиж, нүдэнд ил харагдах эрхтнүүдийг гадна бэлэг эрхтэн, харин хэвлий дотор байрлаж нүднээс далд байгаа эрхтнүүдийг дотор бэлэг эрхтэн гэдэг. Ингээд таны мэдэхгүй, таны биеийн гайхамшигийн тухай...
Эрэгтэй бэлэг эрхтэн
Эр бэлэг эрхтэний дотор хэсэг нь төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах суваг, туслах булчирхайнууд,үрийн цэврүү хамаарна. Гадна хэсэгт шодой, хуухнаг орно.
Шодой
Шодой буюу penis нь шээс ялгаруулах, үрийн шингэнийг эмэгтэйн бэлэг эрхтний гүнд оруулах, бэлгийн таашаал авах, өгөх үүрэгтэй цорын ганц эрхтэн мөн. Бэлгийн сэрлийн үед шодой хөвчрөн (эрекци) хурьцах хэвийн нөхцлийг бүрдүүлдэг. Шодойн хамгийн мэдрэмжтэй хэсэг тул бэлгийн сэдээлтийн үед маш мэдрэг болно. Шодой хөвчрөөгүй үед түүний цусны хэмжээ маш бага байх бөгөөд цусаар дүүрэхэд шодой томорч хатууран хөвчирдөг. Энгийнээр тайлбарлавал өндөр даралттай ус шахах үед уут дүүрч, томордог шиг буцаад усны даралт буурах үед хэмжээ нь жижгэрнэ. Иймээс шодой хөвчрөхөд булчин эсвэл яс оролцдоггүй бөгөөд булчин болон ясгүй эрхтэн юм байна.
Шодойн үзүүрт байрлах гөлгөр гадаргуу бүхий малгай шиг хэсгийг тээрхий гэж нэрлэнэ. Шодойн хөндий дэх шээсний сувгаар шээс, үрийн шингэн дамжиж гадагшилна. Зарим хүмүүс үрийн шингэн, шээс 2 холилдож гардаг гэж эргэлзэж магад. Шээх үед давсаг, шээсний сүвний дунд байх цагираг булчин суларч нээгдэн, бусад үед агшиж, хаалттай байдаг тул дур тавих үед шээс гарахгүй бөгөөд зөвхөн үрийн шингэн гадагш ялгардаг байна.
Хуухнаг бол гадна бэлэг эрхтэн бөгөөд төмсөгний гадуур хучсан, бага зэрэг үсэрхэг, арьсан уут юм. Энэ нь төмсгийг гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй. Хуухнаг болон шодой нь биеийн халуунаас хамааран биед татагдан агших, эсвэл суларч унжих өвөрмөц зохилдолгоотой байдаг. Яагаад гэвэл төмсөг биеийн дулаанаас дор хаяж 2-3 хэмээр бага дулаантай байж эр бэлгийн эсийг үйлдвэрлэдэг тул хүйтэн усанд орох, даарах зэрэгт хуухнаг агшиж, төмсөг биед татагдаж дулаанаа нөхдөг бол халууцах үед хуухнаг суларч тэлсэнээр төмсөг доош унжиж биеэс холдож дулаанаа бууруулдаг маш энгийн бөгөөд нарийн зохицуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна.
Төмсөг
Эр бэлгийн булчирхайг төмсөг буюу testis гэдэг. Энэ нь хос булчирхай бөгөөд зуувиндуу хэлбэртэй, 2 талдаа ижил, 4-4.5 см урт, 20-30 гр жинтэй байх ба нярай үед төмсөгний хэмжээ том байх боловч цаашид аажимаар өсөж жин хэмжээ нь нэмэгдэн бэлгийн хөгжил эхэлмэгц төмсөг, хушга нь түргэн томорч насанд хүрэгчдийн хэмжээнд хүрнэ. Хөгшрөлтий үед хэвийн хэмжээ бага зэрэг буурна.
Төмсөгний үндсэн хэсэг нь үрийн тахир сувганцарууд болдог. Тэдгээр тахир сувганцруудыг нийлүүлбэл хэдэн зуун метр урттай болно. Энд эр бэлгийн даавар болох тестостерон ялгарч эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Эрэгтэйн төмсөг хэвлийн хөндийн дотор бус гадна байрладаг тул хүний биеийн дулаанаас 2-3ºС бага буюу 36.5ºС-аас арай сэрүүн буюу 34.5ºС орчим дулаантай байж эр бэлгийн эсийг үйлдвэрлэж мөн хадгална. Энэ нь эр бэлгийн эс үүсэх үндсэн нөхцөл болдог бөгөөд биеийн температур 37ºС-аас их болоход эр бэлгийн эсийн үүсэл, хөгжил саатдаг.
Гахайн хавдар өвчнөөр багадаа өвдсөн зарим эрчүүдэд үргүйдэл үүсэх тохиолдол байдаг. Энэ нь гахайн хавдар өвчний үүсгэгч вирус төмсөгт нэвтэрч орсноор төмсөг хавдаж, томорч тэлэх боломжгүй уураглаг бүрхүүл нь төмсөгний эдүүдийг дарж шахна. Үүнээс болж маш эмзэг тахир сувганцрууд дарагдаж, няцран хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу бүтцийн эргэшгүй өөрчлөлтөнд орж эр бэлгийн эс боловсрох явц алдагдаж ирээдүйд үргүйдэлд хүргэдэг байна. Харин эмэгтэй хүүхэд гахайн хавдар тусах үед дээрхитэй адил үргүйдэлд хүрдэггүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний өндгөвч уураглаг бүрхүүлгүй байдаг.
Төмсөгний дайвар
Төмсөгний дайвар буюу epididymis нь эр бэлгийн эсийг нөөцлөх сав болдог бөгөөд дайврын толгойноос сүүл хэсэг рүү чиглэлтэй эсүүд хөдлөж явахын хирээр эр бэлгийн эсийн үр тогтох чадвар нэмэгддэг. Ийнхүү үр тогтох бүрэн чадвартай эр бэлгийн эс үр цацах сувагт орж ирдэг. Төмсөгний дайварт сперматофаг хэмээх өвөрмөц эсүүд байх бөгөөд бүрэн гүйцэт боловсроогүй сул дорой эр бэлгийн эсүүдийг устгаж байдаг. Төмсөгний дайварыг тэнийлгэвэл ойролцоогоор 6 метр орчим урттай сувгаас бүрдэх бөгөөд төмсөг тус бүрийн ар дээд талд байрлах хос бүтэц юм.
Үрийн цулцан
Үрийн цулцан нь фруктозоор баялаг тэжээллэг шүүрэл ялгаруулж эр бэлгийн эсийн амьдрах чадварыг сайжруулж улмаар үрийн шингэнийг бий болгодог.
Түрүү булчирхай
Түрүү булчирхай буюу prostate нь өвөрмөц шүүрэл ялгаруулж үрийн шингэн үүсгэхэд оролцоно. Иймээс үрийн шингэн нь эр бэлгийн эс, үрийн цулцангийн болон түрүү булчирхайн шүүрлээс тогтоно. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний өвөрмөц үнэрийг бий болгож, эр бэлгийн эсийн амьдрах чадварыг сайжруулах лимоны хүчил агуулж байдаг. Мөн фибрин задлагч уураг агуулах тул үрийн шингэнийг шингэрүүлж өгдөг.
Эр бэлгийн эс
Сперматозойд буюу бүрэн боловсорсон эр бэлгийн эс нь толгой,хүзүү болон сүүл гэсэн үндсэн хэсгээс тогтоно. Эр бэлгийн эсийн үүсэл буюу сперматогенез нь төмсөгний үрийн тахир сувагт явагдана. Толгойн хэсэгт эсийн зонхилох бүтцүүд оршино. Сперматозойд сүүлнийхээ шилбүүрийн хөдөлгөөнөөр тохирсон нөхцөл, температурт өөрөө урагш давших хөдөлгөөнд ордог. Эр бэлгийн эс бүр хэвийн нөхцөлд 23 хромосом агуулна. Тэдгээр 23 хромосомын 1 нь бэлгийн хромосом буюу Х(эмэгтэй) эсвэл У(эрэгтэй) хромосом байна. Ирээдүйд төрөх хүүхдийн хүйс тухайн сперм ямар бэлгийн хромосом агуулсан байхаас хамаарна. (22+Х) хромосомтой бол охин, (22+У) хромосомтой бол хүү төрнө. Эр бэлгийн эс шингэний урсгалын эсрэг 2-3 мм/мин хурдтай хөдлөнө. Хурьцлын үед 20-250 сая эр бэлгийн эс агуулсан 5-8 мл үрийн шингэн гардаг.