Өндгөвч
Өндгөвч нь эмэгтэйн бага аарцгийн хөндийд хосоороо байрлах бөгөөд өндгөн эс болон даавар боловсруулах үүрэг бүхий холимог шүүрэлтэй 5-6 гр жинтэй булчирхай юм. Хэмжээ нь наснаас хамаарч өөрчлөгдөнө. Төрсөн төрөөгүй эмэгтэйчүүдэд ялгаагүй 35-40 наснаас өндгөвчний хэмжээ багасч эхлэх ба сарын тэмдэг зогсмогц 40-50 насны хооронд өндгөвч нь хатингаршиж 2 дахин бага болдог.
Өндгөвчний үйл ажиллагааны үндсэн нэгж нь фолликул бөгөөд өндгөвчний өнгөц байрлах давхаргад өндгөн эс агуулсан бөмбөлөг хэлбэртэй бүтэц байдаг. Эмэгтэйн өндгөвчинд хөгжлийн хувьд гүйцэж амжаагүй 30,000-40,000 фолликул байдаг бөгөөд үүнээс эмэгтэй хүний амьдралын туршид 300-500 фолликул хөгжил нь гүйцэж үүргээ гүйцэтгэдэг. Энэ фолликул нь өнчин тархи -гонадотропны дааврын нөлөөгөөр хөгжил нь гүйцэж сардаа нэг удаа нэг л өндгөн эсийг ялгаруулдаг. Яг энэ үед эстроген дааврын идэвхижил ихээхэн нэмэгдэж эмэгтэйн бие махбодод үр тогтох бэлтгэлийгг хангана.
Фолликул бие гүйцэхийн хирээр хэмжээгээр томорч 2-2,5 см диаметртэй болох үеийг өндгөн эс гадагшлахын өмнөх үе гэж нэрлэдэг. Улмаар өндгөн эс боловсорч дуусахад фолликул хагарч хөгжил нь гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс ялгарч гарах үзэгдлийг овуляци гэж нэрлэдэг. Боловсорсон өндгөн эс умайн гуурсан хоолойгоор дамжин умайн хөндийд орж ирдэг. Өндгөвчний хагарсан фолликулын орон дээр шар бие үүсдэг. Шар бие нь прогестрон хэмээх дааврыг ялгаруулна. Үр тогтоогүй тохиолдолд шар бие идэвхигүй болж алга болно. Хэрэв үр тогтвол шар биеийн даавар болох прогестрон жирэмсний I хагасын туршид ялгарч ургийн хэвийн хөгжлийг хангаж байдаг.
Умайн гуурсан хоолой
Умайтай холбогдсон хос хоолой бөгөөд 10-12 см урттай эрхтэн юм. Умайн гуурсан хоолойн нэг үзүүр умайд нөгөө үзүүр нь хэвлийн хөндийд нээгддэг. Хэвлийн хөндийд нээгдсэн үзүүр нь сормуус бүхий өргөн амсартай гүрвэлзэх хөдөлгөөнтэй тул өндгөвчнөөс ялгарсан өндгөн эсийг оруулж эр бэлгийн эстэй нийлж үр тогтвол умайн хөндийд оруулах үүрэгтэй.
Умай
Умай буюу uterus нь үр хөврөл, ураг өсөн хөгжиж хүүхэд бүрэлдэх өлгий бөгөөд хөндийтэй зузаан булчинлаг ханатай эрхтэн юм. Энэхүү булчингийнхаа хүчээр сар нь гүйцсэн хүүхдийг төрүүлэх, сарын тэмдгийн шүүрлийг ялгаруулах бололцоо бурддэг. Насанд хүрсэн эмэгтэйн умай 50-60 гр жинтэй байдаг бол жирэмсэн үед 1кг хүртэл нэмэгдэнэ. Умайн дотор салст бүрхүүл буюу эндометр нь эмэгтэйн сарын тэмдэгийн мөчлөгтэй холбоотойгоор үе шаттай өөрчлөгдөж байдаг. Эмэгтэйн сарын тэмдэгийн мөчлөгийг тайван үе, овуляцийн өмнөх үе, овуляцийн үе, овуляцийн дараахи үе гэж хувуудаг.
Овуляцийн өмнөх үе умайн салст бүрхэвч зузаарч, цусны судаснууд нь өргөсөж, булчирхайнууд нь томордог. Энэ үйл явц эстроген дааврын нөлөөгөөр явагдана. Эдгээр өөрчлөлтүүд овуляцийн үед дээд цэгтээ хүрнэ.
Овуляцийн дараах үе эстроген, прогестерон дааврын нөлөөгөөр умайн булчирхайн шүүрэл дээд зэргээр идэвхжиж, үр тогтсон өнлгөн эсийг бэхлэх бэлтгэл хийдэг. Хэрвээ үр тогтоогүй бол сарын мөчлөгийн сүүлийн хоногт умайн салст бүрхэвч гуужин унаж сарын тэмдэг буюу биений юм (менстураци) ирнэ. Энэ гуужилт нь 3-5 хоног үргэлжилнэ. Сарын тэмдэг ирсний дараах 1-2 хоногоос эхлэн умайн дотор давхарга (эндометр) эргэж сэргэн хөгжиж эхлэнэ. Хэрвээ үр тогтвол овуляци болсны дараахи 5 дахь өдөрт умайн салст бүрхэвчинд бэхлэгдэнэ.
Умайн хүзүү
Умайн хүзүүнд тусгай салс ялгаруулдаг булчирхай бий. Энэ салс нь умайн хүзүүг бөглөж дээшээ дамжих халдвар орохоос хамгаална. Харин хурцлын үед энэ салстын бөглөө мултарч эр бэлгийн эс умайд орох нөхцлийг бүрдүүлнэ.
Үтрээ
Үтрээ буюу vagina нь гадаад дотоод бэлэг эрхтэнг холбосон 8-10см урттай, булчилаг хөндий юм. Үтрээний дээд хэсэг умайн хөндийтэй, доод хэсэг буюу гаднах амсар нь онгон хальсаар бүрхэгдсэн байдаг.
Хэлүү
Бүтэц үйл ажиллагааны хувьд эрэгтэй хүний шодойн үлдэгдэл эрхтэн гэж үздэг. Иймээс ч бэлгийн сэрлийн үед хөвчрөн томордог. Хэлүүн эмэгтэйн бэлгийн мэдрэмжийн амин чухал эрхтэн болно.