Эмэгтэйн сарын тэмдэг түүний зохицуулга
Эмэгтэйн нөхөн үржихүйн наснаас эхлэдэг бүх л эрхтэн системийг хамарсан сар бүрийн мөчлөгт, физиологийн өөрчлөгдөлт бөгөөд гадна илрэл нь умайгаас цус гарах үзэгдэл бөгөөд үүнийг биений юм буюу сарын тэмдэг гэж нэрлэдэг.
Эмэгтэйн сарын тэмдэг үзэгдсэн өдрөөс дараагийн сарын тэмдэг үзэгдэх хүртэл хугацааг сарын тэмдгийн нэг мөчлөг гэх ба дундаж зохимжтой хугацаа нь 28 хоног байдаг. Нийт эмэгтэйчүүдийн 54%-д 26-29 хоног, 20%-д 23-25 хоног, 18%-д 30-35 хоног үргэлжлэх ба 20-оос цөөнгүй, 35-аас олонгүй хоногтой тогтмол байна. Сарын тэмдэг үзэгдэж эхлэх буюу доошоо цус гарах хугацаа 2-7 хоног байдаг. Гарах цусны хэмжээ дунджаар 50-150 мл байх ба эмэгтэйн өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлөхгүй, өвдөлтгүй байдаг. Хэвийн биений юм үзэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг.
Гипоталамусаас ялгарч буй GnRH(gonadotrophin releasing hormone) нь гипофизэд нөлөөлж LH болон FSH-ийн ялгарлыг нэмэгдүүлэх ба эдгээр дааврын тусламжтай сард нэг удаа өндгөн эс боловсорч үр тогтох нөхцөлийг бүрдүүлдэг.
Сарын тэмдэгийн мөчлөгийн эний хагаст ойролцоогоор 1-14 дэх хоногт FSH-нөлөөгөөр фолликулын өсөлт хөгжил нь гүйцэж, өндгөн эс боловсорч эстроген (Эстрадиол Е2) даавар ялгарч эхэлнэ. Эстрогены нөлөөгөөр умайн суурийн давхаргын эсийн нөхөн төлжилт явагдаж үр хөврөлийг хүлээж авахад бэлтгэгдэнэ. Сарын тэмдэгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст LH-ын тусламжтай өндгөн эс ялгаран гадагшилсанаар үр тогтож жирэмслэлт явагдах үндэс болно.
Сарын тэмдэг ирсэн үед ямар дэглэм сахих вэ?
Эмэгтэй хүн бүр биений юмны ирсэн мөчөөс эхлэн хуанли тогтмол хөтөлж сурах нь биений юмны мөчлөгөө тогтоох, өөрийн эрүүл мэндээ хянахад тустай. Сарын тэмдэг тогтмол ирэх нь тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн үйл ажиллагаа эрүүл байгаагийн илэрхийлэл болсон хэвийн үзэгдэл учраас ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Биений юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно. Тухайлбал шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт.
Биений юм ирсэн хугацаа, гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч, ариун цэврийн хэрэглэлийн төрөл, нимгэн зузааныг тохируулна. Цус ямар хэмжээтэй гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Сарын тэмдгийн үед умайн хүзүү нээгдэн, умайн салст давхарга ховхрон гарч байгаа тул шархтай талбай үүсч, өгсөх замаар халдвар орж, нян үржих таатай орчин болдог тул бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Өдөр бүр гадна бэлэг эрхтнээ зориулалтын саван, бүлээн усаар угааж болно. Харин үтрээг угаах шаардлага байдаггүй. Хурц үнэртэй савангууд үтрээнд цочрол өгч, харшил үүсгэдэг учир хэрэглэх нь зохимжгүй. Биений юм анх ирж эхэлж байгаа үед охид айж, ичих, энэ нь хэвийн эсэхэд эргэлзэж хэн нэгнээс зөвлөгөө авахыг эрэлхийлдэг. Энэ үед ээж, эгч, багш хэн нэгэн эмэгтэй түүнтэй ойр дотно байж, ярилцаж зөвлөгөө өгвөл охид илүү тайван байдаг.