Үр тогтсон өндгөн эс буюу зигот умайд бэхлэгдсэнээр эмэгтэйн биед ураг хөгжих физиологийн үйл явцыг хэлнэ. Хэвийн жирэмслэлт 280 хоног орчим буюу 40 долоо хоног (9сар)-ын хугацаанд үргэлжилнэ.
Зигот нь жижигрэн хуваагдалд орж 4 дэх хоногтоо умайн хөндийд орж, 7-8 дахь хоногтоо умайн хананд бэхлэгдэнэ. Энэ үйл явц эстроген болон прогестрон дааврын нөлөөгөөр умайн салст бүрхүүл хөгжиж, зигот бэхлэгдэх нөхцлийг хангадаг. Прогестроны нөлөөгөөр умайн булчингийн идэвх суларч зигот умайн хананд бэхлэгдэх боломж олгодог. Хөврөл умайн хананд бэхлэгдсэний улмаас мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж шар биеийг тэтгэх даавар (LH) өнчин тархинаас ялгаран цусанд ордог. Энэ дааврын нөлөөгөөр өндгөн эсийн шар бие жирэмсний шар бие болон хувирдаг. Энэ шар биеэс прогестерон их хэмжээгээр ялгарч жирэмслэлтийг тэтгэх нөлөө үзүүлдэг. Үүнд: Умайн булчингийн агшилт суларч, түүний салстын мэдрэг чанар буурч, хөх томорно.
Жирэмсэн үед өнчин тархи түүний урд хэсэг идэвхжиж жирэмслэлтийг тэтгэх даавруудын ялгаралт ихэссэнээр бөөрний дээд булчирхай, бамбай булчирхай, бэлгийн булчирхайнууд идэвхждэг. Жирэмсний шар бие эхний 24 долоо хоногт өндөр идэвхитэй ажиллана. Энэ үүргийг жирэмсний цаашдын хугацаанд ихэс гүйцэтгэнэ.
Эхэс
Эхэс буюу placenta нь эх ураг хоёрыг холбож байдаг жирэмсэн үед үүсдэг эрхтэн юм. Жирэмсний 4 дэх сараас ихэс бий болдог.Энэ хүртэл хугацаанд эхэсийн үүргийг өндгөвчний шар бие ихэсийн үүргийг гүйцэтгэж байдаг. Эхэс нь умай-ихэсийн, ургийн гэсэн 2 судсаар эх ураг хоёрыг холбож , бодисын солилцоо эрчимтэй явагдах боломж олгодог. Эхэс олон тооны бичил салбангуудтай тул түүний бодисын солилцоо явуулах гадаргуугын талбайг хангалттай ихэсгэж өгдөг ойролцоогоор 15-18см диаметртэй, 6м² талбайтай, 500-600 г жинтэй байна. Энэ талбайгаар эхийн цуснаас олон тооны бодис өөрчлөгдөхгүйгээр шууд урагт шилжиж байдаг.
Жишээлбэл: Хүчилтөрөгч (эхээс урагт), нүүрс хүчлийн хий (ургаас эхэд) зөөвөрлөгдөнө. Дараахи бодисууд ихэсээр амархан дамждаг. Үүнд: бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд, давс, ус, зарим эмүүд (антибиотикууд, сулфаниламид,морфин гэх мэт), дааврууд, уураг амин хүчил хэлбэрээр мөн витаминууд дамжин нэвтэрдэг. Маш олон төрлийн бодис ихэсээр чөлөөтэй нэвтэрдэг нь урагт аюул учруулах өргөн боломжтой. Жишээлбэл: Ургийн цусанд тамхины никотин, архины спирт, наркотик бодис, зарим эмүүд, вирус орсноор ургийн эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлж тэр ч байтугай ураг хэвлий дотор өсөлтгүй болох, зулбах тохиолдол гарна.
Хүй: Үр хөврөл, ургийг ихэстэй холбосон 2 артер, 1 венийн судастай, диаметр нь 1,5 см, урт нь 50-52 см байдаг. Эхээс урагт бүх л шим тэжээл, эрдэс бодис, хүчилтөрөгч өгч, ургийн ялгаруулсан бодисын солилцооны бүтээгдэхүүнүүдийг гаргах үүд болдог.
Ураг орчмын шингэн: Ургийг доргилтоос хамгаалах, чөлөөтэй хөдлөх нөхцлөөр хангах, булчин, араг ясны хөгжлийг дэмжих мөн ургийн гэмтлийг багасгах үүрэгтэй.