Төрөлт гэдэг нь умайн хөндийгөөс ураг болон эхэс үтрээгээр дамжин хөөгдөн гарах физиологийн үйл явц, бүхэл бие махбодийн оролцоотой явагддаг өвөрмөц үйл ажиллагаа юм.
Тээлтийн хугацаа гүйцсэн жирэмсэн эмэгтэйд тогтмол өвдөлттэй базлалтууд эхэлж мэдэгдэн, базлалт тогтмол 10 хормын туршид 2-оос доошгүй давтамжтай давтагдах ба умайн хүзүү бүрэн нээгдэж, ураг түрэгдэн гарч, ихэс гарах хүртэл анхны төрөгчид 12 цаг, давтан төрөгчид 8 цаг үргэлжлэхийг хэвийн төрлөг гэж үзнэ. Түүнээс сунжирч үргэлжилвэл эх болон урагт нарийн хяналт тавьж, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болно. Хэвийн нярайлж буй эхийг эх баригч ажиглаж эхийн биеийн ерөнхий байдал болон ургийн зүрхний цохилтыг хянана.
Төрөлтийн эхний үе: Тогтмол базлалтууд эхэлж хаалттай байсан умайн хүзүү базлалт бүрт бага багаар тэлэгдэж бүрэн нээгдэх хүртэлх хугацааг хамааруулна. Умайн хүзүү 2 шаттай нээгдэнэ. Далд шат нь умайн хүзүү 3 см хүртэл нээгдэх ба идэвхитэй нээгдэх шатанд анхан төрөгчид 1см/цаг, давтан төрөгчид 2см/цаг хурдтайгаар умайн хүзүү 12 см хүртэл тэлэгдэж бүрэн нээгдсэнээр ургийн толгой багтаж доошилно. Ингээд базлалт эхэлсэн мөчөөс умайн хүзүү бүрэн нээгдэхэд 8-12 цаг болдог байна. Энэ хугацаанд төрөгч эмэгтэйн биеийн байдал тогтвортой хэвийн бол аль болох босоо байдалтай, тодорхой хэмжээнд идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь умайн хүзүү нээгдэх, ураг доошлоход тустай.
Төрөлтийн хоёрдугаар үе: Умайн хүзүү бүрэн нээгдсэн үеэс хүүхэд төрөх хүртэлх хугацаа. Ургийн толгой аарцгийн ёроолд хүрч эхэд дүлэх хүсэл илэрч дүлэлт, умайн агшилтын хүч, ургийн давших хөдөлгөөний үр дүнд хүүхэд төрж гардаг. Энэ үеэс базлалт бүрт төрөгч эхэд дүлэх хүсэл төрнө. Эх амьсгалаа гүн авч, амьсгал гаргахгүйгээр барин дүлнэ. Эх баригч, эмчийн зааварчилгааг дагаж зөв үед, зөв дүлвэл төрөгч эмэгтэй цуцаж тамирдах нь бага, ураг бүтэх, хярзан урагдах зэрэг хүндрэл гарахаас сэргийлэх ач холбогдолтой.
Төрөлтийн гуравдугаар үе: Хүүхэд төрж гарсаны дараа 5-10 минутын хугацаанд хойтхи цөглөж (ихэс салж, бүрхүүл хальс, хүйн судас бүгд) гарсанаар төрөлт дуусна. Хэрэв энэ үе 30 минутаас дээш хугацаанд үргэлжилбэл удааширсан хэмээн үзэж эмч тусламж үзүүлэх шаардлагатай болно.