Ихэнхи хос хүүхдийнхээ хүйсийг өөрсдөө сонгохыг хүсдэг. Хүйс сонгох аргаар зөвхөн олон охинтой, эсвэл зөвхөн хүүтэй хосууд эсрэг хүйсийн хүүхэд төрүүлэхийн тулд сонирхож байж болох юм. ДЭМБ-аас ийнхүү хүүхдийнхээ хүйсийг хүссэнээрээ сонгож төрүүлэх нь хүйсийн тэнцвэр алдагдахаас гадна жендерийн эрхийн асуудал хөндөгдөх төдийгүй тухайн хүссэн хүйсийн хүүхэд төрөхгүй бол хүүхдийн эрхийн асуудал ч хурцаар зөрчигдэх эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ зарим хүйс дагаж удамшидаг өвчин эмгэгийн үед онцгойлон хүүхдийн хүйс сонгож төрүүлэхийг хуулиар болон эрүүл мэндийн заалтаар зөвшөөрдөг байна. Өөрийн хүссэн хүйсийн хүүхдийг төрүүлэхийн тулд зарим хүн янз бүрийн уламжлалт болон баталгаагүй аргыг хэрэглэж, туршиж үздэг. Гэвч хүссэний зоргоор хүүхдийн хүйсийг сонгох 100% батлагдсан найдвартай арга одоог хүртэл байхгүй байна.
Хамгийн магадлал өндөр арга бол нөхөн үржихүйд туслах технологи ашиглаж үр шилжүүлэн суулгах арга байдаг.