Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?
Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эрэгтэйн үрийн шингэний шинжилгээ өөрчлөлттэй болон бусад нэмэлт шинжилгээнүүдэд гарсан өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эрэгтэй үргүйдэл гэж үзнэ.
Эрэгтэй үргүйдлийн шалтгаан
Эрэгтэй үргүйдэлд хүргэдэг нотлогдсон үндсэн шалтгаанууд (EAU 2013, ASRM 2012)
Төрөлхийн – төмсөг байхгүй, эсвэл генийн гажигтай
Олдмол - төмсөгний гэмтэл, төмсөг мушгирах, төмсөгний хавдрууд, туяа эмчилгээний дараа
Төмсөг болон өнчин тархинаас эр бэлгийн эс үүсэхэд оролцдог гормон ялгардаг бөгөөд эдгээр дааврын ялгарах хэмжээ багасах юмуу гормоны тэнцвэр алдагдвал олигозоосперми ба астенозоосперми, ноцтой тохиолдолд азоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.
Төмсөгний венийн судасны хавхлаг буюу клапны өөрчлөлтийн улмаас үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсч улмаар цусны эргэлтийн хэм алдагдсанаар хүчилтөрөгч дутагдах, төмсөгний халууны хэм ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, зэрэг асуудал үүсч эр бэлгийн эс үүсэн бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, варикоцеле зэргээс шалтгаалан эр эсийг хамгаалж байдаг төмсөгний дотор талын салст гэмтвэл эр эс дархлалын системд нэвтэрснээр түүний эсрэг биетүүд бий болдог. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь эр эсийн гадаргуунд наалдан эр эсийн хөдөлгөөнийг саармагжуулж, эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтлэн ороход нь саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт нь наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний үзүүлэлт хэвийн гарах ч эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгснөөр үргүйдлийн шалтгаан болдог.
Хэрвээ эрэгтэй талаас үргүйдэл байна гэж сэжиглэж байгаа тохиолдолд анхан шатны шинжилгээ болох үрийн шингэний шинжилгээг өгөхийг зөвлөж байна.
Үрийн шингэний шинжилгээнд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд 2 долоо хоногоос 10 долоо хоног (72 хоног)-ын зайтай давтан шинжилгээ өгөх шаардлагатай!