Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Умайн хөндийн дурангийн мэс засал


Умайн хөндий дурандах буюу гистероскопи гэдэг нь тусгай дурангийн тусламжтайгаар умайн хөндийг харах арга юм.   Умайн хөндийд дуран оруулж умайн хөндийг  тэлсэний дараа   умайн хөндийн ханын байдлыг олон дахин өсгөж томруулсан байдалтайгаар  зориулалтын  дэлгэцэн дээр харуулдаг. Энэхүү шинжилгээг оношлогоо эмчилгээний зориулалтаар хийдэг. Гистероскопиг умайн хүзүүгээр оруулахдаа түүний дотор талыг эхлээд шалгах бөгөөд дараа нь умайн хөндийн урд болон ар хана, цаашид 2 хажуу ханыг шинжлэнэ, гуурсан хоолойн амсрыг заавал судлана. Умайн дотор ханын зузаан, жигд байдал, эндометрийн өнгө зэргийг сайтар ажиглана. Ихэнхи гистероскопт багаж оруулах  тусгай зориулалтын суваг байдаг бөгөөд түүгээр багаж оруулан  эргэлзээтэй, эрүүл бус хэсгээс эдийн шинжилгээ авч гистологи шинжилгээнд явуулдаг.

Яагаад гистероскопи хийх шаардлагатай вэ?
Умайн хөндийн янз бүрийн эмгэгүүд (эндометрийн ургацаг, эндометрийн хэт ургалт, аденомиоз, умайн миом, эндометрийн хорт хавдар, синехий мөн умайн гаж хөгжил, умайн хөндий дэх гадны биет)–ийг оношлох зорилгоор хийнэ.

Дараах тохиолдлуудад гистероскопи хийхийг зөвлөнө:
• Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
• Шалтгаан тодорхойгүй умайн хөндийгөөс цус алдах
• Авах боломжгүй спиралийн байршлыг тодорхойлох
• Үргүйдэлтэй үед шалтгаан тодруулах зорилгоор умайн салстын байдлыг үнэлэх
Олон төрлийн судалгаанаас харахад эндометр буюу умайн салстын байдлаас үр тогтох эсэх нь шалтгаалдаг байна.

Орчин үед гистероскопи нь:
• Умайн хөндийг нүдэн аргаар шинжилж болох цор ганц арга
• Умайн хөндийн эмгэгийн шинж чанарыг тодорхойлох боломж олгодог
• Умайн хөндийд нүдээр харж байгаад мэс ажилбар хийх боломжийг олгодог

Гистероскопи нь  умайн салстын эмгэгүүдийн үед маш өндөр мэдээлэл өгөх шинжилгээний арга юм. Энэ нь мэс ажилбарт тооцогддог бөгөөд эмчлэгч эмчийн заалтаар хийгддэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, эмэгтэйн биед ил шарх сорив үүсдэггүй, өнгөц унтуулгатай хийгдэх тул зовиургүй, богино хугацаанд 15-30 минут орчим үргэлжилдэг  зэрэг олон давуу талтай оношилгоо, эмчилгээний арга юм.


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003