Нөхөн үржихүйд туслах технологийн тусламжтай жирэмслэлт болон төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Монголын анхны иж бүрэн тоноглогдсон үр хөврөлийн лаборатори бөгөөд бид хосуудын сэтгэл ханамж, тэдний хүүхэдтэй болох хүсэл тэмүүллийг биелүүлэхийн тулд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж, нөхөн үржихүй болон үргүйдлийн чиглэлээр дагнасан нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээ Олон улсын нэр хүнд бүхий их дээд сургууль, мэргэжлийн институтэд тасралтгүй суралцуулж, төвийн үйл ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.
Бид Монгол улсад анх удаа Герман улсын MTG компанийн лазер технологи бүхий үр шилжүүлэн суулгах/ IVF лабораторийг иж бүрнээр нь суурилуулж, ашиглалтанд оруулснаараа бахархдаг. IVF лабораторийн хувьд нөхөн үржихүйд туслах технологийг ашиглан хийж буй эмчилгээний үр дүн хамгийн чухал байдаг тул бид чанар, стандартыг өндөр түвшинд анхаарч, бий болгосон. Нөхөн үржихүйн эсийг гэмтээх нөлөөг багасгах, эсийн чанарт нөлөөлөх гадны хүчин зүйлсийг бууруулах, цаашид үр хөврөл шилжүүлэлтийн дараа жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, лабораторийн дотоод шийдлийг ашиглан, зөв зохион байгуулалттай аюулгүй тохь тухтай орчныг бүрдүүлсэн. Лабораторийн орон зайг зүй зохистой ашиглах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтныг лабораторид үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, үр хөврөлийн ялгаатай ажилбаруудыг лабораторийн өөр өөр байрлалд хийхээр төлөвлөж зохион байгуулсан.
Европын холбооны нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн (ESHRE) удирдамжийн дагуу үр хөврөлийн лаборатори нь үйлчлүүлэгчийн биед эрсдэл учирсан тохиолдолд яаралтай түргэн тусламж үзүүлэх боломжтой мэс заслын хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасагтай. Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагын дагуу тохижуулан тоноглож, нэг хүнд ноогдох хангалттай ажлын талбай, үр хөврөлд хоруу чанаргүй гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, өрөөний чийгшил, температурын хэмжилт зэргийг шийдвэрлэсэн. Үр хөврөлийн лабораторид зөвхөн нэр бүхий ажилтнуудыг нэвтрэн орох электрон хаалганы системийг нэвтрүүлсэн нь лабораторид хийгдэж буй ажилбарын аюулгүй байдлыг хангаж, лабораторийн ажилбар хийгдэж байх үед анхаарлаа дээд зэргээр хандуулах бололцоог бүрдүүлсэн.
IVF лаборатори нь бүрэн тогтвортой байдлыг хангасан, тасралтгүй чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн онцлогтой. Чанарын хяналтыг дотооддоо өдөр тутам, давтамжтайгаар бүртгэлийн хуудсын дагуу бүх үйл ажиллагаа, хэрэглэгдэж буй журам, стандартын мөрдөлт, тоног төхөөрөмжийн хэвийн аюулгүй ажиллагааг шалгаж, баримтжуулдаг. Хяналтын баримтжуулалтыг нэгтгэн, үр дүнг үнэлж, ижил чиглэлийн гаднын нөхөн үржихүйн төвүүдийн үйл ажиллагааны үр дүнтэй харицуулан, дүгнэж, сайжруулалтыг хийн, хөгжүүлж ажилладаг билээ.
Манай төвийн эмч, мэргэжилтнүүд нь дэлхийд нэр хүнд бүхий Герман, Сингапур, Дани, Нидерланд улсын их дээд сургууль, эмнэлэгт мэргэжлийн дагуу нарийн мэргэжил эзэмшиж, дадлага туршлага хуримтлуулсан болно. Нийт эмч мэргэжилтнүүд маань нөхөн үржихүй, эмэгтэйчүүд, үр хөврөл, дурангийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжилтэй, 6 түүнээс дээш жилийн ажлын туршлагатай, чадварлаг хамт олон билээ.
Агаарын бохирдол, агаар дахь дэгдэмхий органик нэгдлүүд нь үр хөврөлийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг учир сайтар тохирсон цэвэр агаарын систем үр хөврөлийн лабораторийн салшгүй нэг чухал хэсэгт тооцогддог. Бид American Society of Heating Refrigerating and Air-Conditioning Engineers (ASHREA) удирдамжид заасны дагуу үр шилжүүлэн суулгах лабораторийн өрөөний агааржуулалт, халаалтыг шийдэж “HVAC” системийг нэвтрүүлсэн. HVAC систем нь үр хөврөлийн лабораторийн агаарт гаднаас нэвтрэн орох дэгдэмхий органик дэгдэл, агаарт байх томоохон бохирдол, тоосонцорыг “HEPA” шүүлтүүрээр шүүж, лабораторид эерэг агаарын даралтыг үүсгэдэг.
Лабораторь маань 24/7 тасралтгүй ажилладаг тул цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд нөөц цахилгааны үүсгэвэрт автоматаар холбогддог. Инкубаторт өсгөвөрлөгдөж буй үр хөврөл цахилгаан эрчим хүчний доголдолтой холбоотой эрсдэлд өртөхгүй байх 100% ийн баталгаатай.
Ямар ч ҮШСТ / IVF -д хийгдэж буй бүх төрлийн үйл ажиллагаа, ажилбар, хяналтыг зайлшгүй бүртгэн, баримтжуулснаар үр дүнд нь шууд нөлөөлдөг онцлогтой. Бүртгэлийг стандарт маягт, удирдамжийн дагуу хөтлөн, хяналт тавьж, хэрэглэгчийн мэдээллийн сан үүсгэн, мэдээллийн баазад архивлан үр дүнг нэмэгдүүлэх болон нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх судалгаа, шинжилгээний материал болгон ашигладаг болно.
Бидний IVF лабораторитоо хамгийн сүүлийн үеийн, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж буй, олон төрлийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт технологийг суурилуулсан. Эдгээр технологийн тусламжтайгаар манай төвийн амжилтын хувь тогтмол өсөж, олон гэр бүлд аз жаргал бэлэглэж байна.
Манай лаборатори нь бүхэлдээ бүрэн хяналтын камераар тоноглогдсон бөгөөд, үйл ажиллагааны журамдаа ажилбар бүрийг 2 гэрчтэйгээр хийхээр зохицуулагдсан нь үйлчлүүлэгчийн үр хөврөл солигдох алдааг тэглэж, эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Нөхөн үржихүйн туслах технологид хамрагдаж буй бүх үйлчлүүлэгчийн биологийн шингэнүүд нь анх дээж авахаас эхлэн автоматаар кодчилогдон, ажилбар бүрийн өмнө үйлчлүүлэгч маань өөрийн кодыг шалгаж, нотолгоог баталгаажуулдаг.
Эр бэлгийн эсийн ерөнхий шинжилгээнээс гадна оношийн өндөр ач холбогдол бүхий эр бэлгийн нарийвчилсан шинжилгээг улсын хэмжээнд зөвхөн манай лаборатори хийж байна. Үүнд эр бэлгийн эсийн эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлох эр бэлгийн эсийн ДНХ фрагмантаци тодорхойлох шинжилгээ, эр бэлгийн эсийн морфологи чанар тодорхойлох шинжилгээ болон HOS test буюу үрийн шингэнд хөдөлгөөнгүй байгаа эр бэлгийн эсүүдийг үхсэн эсвэл амьд байгааг ялган оношлодог шинжилгээг тус тус хийж байна
Бидний хэрэглэж буй бүх урвалж, бодис, үр хөврөлийн тэжээлт орчин, ажилбарт хэрэглэдэг эмнэлгийн хэрэгслүүд (зүү, хуруу шил, тавиур шил, тариур, гуурс гэх мэт) нь 100% хүний үр хөврөлд хоруу чанаргүй болох нь батлагдсан Олон улсын CE сертификат бүхий, Европын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, тээвэрлэлтийн онцгой нөхцөлд импортоор орж ирдэг, зөвхөн 1 удаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд болно.
Бид үр шилжүүлэн суулгах эмчилгээ болон лабораторийн ажилбарууд эхлэхээс өмнө таньд үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, эмчилгээнд хамаарагдах ажилбарууд, тэдгээрийн явцад гарч болзошгүй эрсдэл бусад үр дагаврын талаар нэг бүрчлэн тайлбарлан өгөх болно. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг чандлан нууцалж лабораторийн бүх ажилбарууд тусгайлан таних кодоор явагдана.
Өндгөн эс авах ажилбар, үр хөврөл умайд шилжүүлэн суулгах, өндгөн эс болон үр хөврөл хөлдөөх, гэсгээх зэрэг бүх ажилбарууд хийгдэхээс өмнө үйлчлүүлэгч бүрээс бичгээр зөвшөөрөл авах бөгөөд Монгол улсын донорын тухай хуульд нийцүүлэн өндгөн эс, үрийн шингэний донорын гэрээ, тээгч эхийн гэрээнүүд боловсруулагдсан.
Монгол улсад анх удаа үрийн банк буюу өндгөн эс, үрийн шингэн, үр хөврөлийг хөлдөөн, хадгалах аргыг нэвтрүүлсэн. Хөлдөөлтийн хаалттай систем бүхий технологи ашиглан, гэр бүл хосуудын үр тогтоох чадвараа алдахад үүсэх эрсдэлээс хамгаалан ажиллаж байна.