Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Байгалийн Мөчлөгт ҮШС


Байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгалт гэж юу вэ?

      Байгалийн жамаараа эмэгтэй хүний өндгөвчнөөс сард 1 өндгөн эс бүрэн боловсорч ялгардаг бөгөөд Байгалийн Мөчлөгт Үр Шилжүүлэн Суулгалт (Байгалийн мөчлөгт -ҮШС) нь ямар нэг эм, тариа хэрэглэхгүй тэрхүү боловсорсон 1 өндгөн эсийг хатгалт хийн авч, лабораторийн орчинд үр тогтоож, хөлдөөж хадгалан, дараагийн сард гэсгээж, умайн хөндий руу шилжүүлэн суулгах аргыг хэлдэг. 

Байгалийн мөчлөгт тохируулан эм тариа хэрэглэдэггүй гэдэг нь сайхан сонсогдож байгаа боловч жирэмслэлт амжилттай явагдаж, хүүхэдтэй болох магадлал нь Ердийн Үр Шилжүүлэн Суулгах (Ердийн -ҮШС) аргаас бага байдаг.  

Байгалийн мөчлөгт-ҮШС арга нь 40-өөс дээш настай, өндгөвчний нөөц буурсан /AMH буурсан, FSH өссөн/ эмэгтэйд жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг. Учир нь өндгөвчний нөөц нэгэнт буурсан эмэгтэй эм тариа хэрэглэж өндгөвчний үйл ажиллагааг хэд дахин дэмжсэн ч олон тооны фолликул үүсэхгүй тул байгалиараа ялгарч байгаа 1 өндгөн эсийг авч үр тогтоолт хийхээс өөр арга байдаггүй. 

Нас залуу, өндгөвчний нөөц хэвийн, ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй эмэгтэйчүүдэд Байгалийн мөчлөгт-ҮШС арга нь тохиромжгүй! Уг аргаар жирэмсэн болох магадлал  дэлхий дахинд дунджаар ердөө 15%, жирэмслэлтийн дараах амьд төрөлт буюу төрж хүүхэдтэй болох магадлал 8-10% байдаг. Энэ нь хөлдөөж, гэсгээсэн үр хөврөл эхийн хэвлийд өсөж бүрэлдэх хугацаанд өсөлтгүй, амьгүй болох, зулбах зэрэг эрсдэл, хүндрэл өндөр байдагтай холбоотой юм. 

Иймд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд /Америк, Герман, Солонгос, Нидерланд, Энэтхэг гэх мэт/ жирэмсэн болж, хүүхэдтэй болох магадлал дунджаар 30-60%, амьд төрөлт 25-50% амжилттай байдаг Ердийн-ҮШС /Conventional IVF/ аргыг өргөн сонгож дэлхийн алтан стандарт хэмээн нэрлэдэг. Манай эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв Европын хүний нөхөн үржихүйн нийгэмлэгтэй хамтын ажиллагаатай төдийгүй  ард иргэддээ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дэлхийн жишигт хүрсэн стандарт үйлчилгээг эх орондоо авах боломжийг бүрдүүлж Ердийн ҮШС аргаар тусламж үйлчилгээ үзүүлдэг билээ.

Япон улсын ард иргэдийн насжилт өндөр, эмэгтэйчүүдийнхэн гэр бүл зохиож хүүхэд төрүүлэх нас хожуу болсонтой холбоотой жирэмслэлтийн асуудал нь цэвэршилтийн өмнөх насны буюу өндгөвчний нөөц буурсан эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолдох болсон. Иймээс тухайн асуудлыг шийдвэрлэх үүднээс ахимаг настай шинэхэн хосууд үр хүүхэдтэй болох хамгийн тохиромжтой /Японы Като Лэдис клиникийн эмч нарын судалж, хөгжүүлсэн/ үр шилжүүлэн суулгах арга нь Байгалийн Мөчлөгт-ҮШС юм.

Байгалын мөчлөгт-ҮШС аргаар жирэмсэн болох магадлал бага байдаг нь хэд хэдэн хүчин зүйлтэй шууд холбоотой. Үүнд: 

1. Байгалиараа боловсорч буй өндгөн эсийг бүрэн боловсорсон хугацаанд тохируулан оновчтой хатгалт хийж авах шаардлагатай. Дутуу боловсорсон хөгжил нь гүйцээгүй фолликулыг хатгалт хийж авсанаар үр тогтолт амжилтгүй болох, үр хөврөл хуваагдлын шатандаа зогсох, хөлдөөж гэсгээсний дараа амьдрах чадвараа алдах төдийгүй умайн салстанд бэхлэгдэх чадвар буурна. Дээрх шалтгаануудын улмаас үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах боломжгүй болдог.

2. Хоосон фолликул хатгах: Зарим тохиолдолд өндгөвчинд боловсорч буй фолликул өндгөн эс агуулаагүй хоосон байна. 

3. Хөлдөөж хадгалсан эсүүдийг гэсгээх үед амьдрах чадвараа алдах: Хөлдөөж хадгалсан үр хөврөл шинэ үр хөврөлтэй /хөлдөөлт хийгээгүй/ харьцуулахад үр тогтож умайн салстанд бэхлэгдэх чадвар сул байдаг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

4. Амжилттай жирэмсэн болсон ч амьд төрөлтийн тоо буурдаг: Энэ нь хөлдөөж гэсгээсэн үр хөврөл тээлтийн явцад өсөлтгүй, амьгүй болох, зулбах эрсдэл нь шууд шилжүүлэн суулгасан үр хөврөлөөс илүү олон тохиолддог болохыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олон удаагийн туршилт судалгаагаар баталсан байдаг.

Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах аргаас татгалзаж,  нөхөн үржихүйд туслах техник технологи улам сайжирч, боловсронгуй болж хөгжиж байна. 

Өнгөрсөнд биш ирээдүй рүү тэмүүлцгээе! Таны хүүхэд ирээдүйгээс ирнэ. 

Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.



Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003