Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтний хорт хавдарын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд нөхөн үржихүйн эрхтнүүдийн хавдрын өвчлөлийн 2-р байранд умайн хүзүүний хорт хавдар ордог. Залуу насны эмэгтэйчүүдийн дунд уг өвчний тархалт жил бүр нэмэгдсээр байна.
Жил бүр эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай оношлогоог хийлгэснээр өвчнийг эрт үе шатанд нь оношлож бүрэн эмчлэх боломжтой юм.
Умайн хүзүүний шинжилгээнд дараах тохиолдолд хамрагдах шаардлагатай байдаг:
• Бэлгийн харьцаанд ордог бүх насны эмэгтэйчүүд
• Умайн хүзүүний шалбархай буюу эрози гэж онош тавигдсан эмэгтэйчүүд
• Доошоо тогтмол болон тогтмол биш байдлаар цагаан юм гардаг
• Давсагны үйл ажиллагааны хямрал эсвэл хэвлийн доогуур эмзэглэлтэй эмэгтэйчүүд
• Урьдчилан сэргийлэх байдлаар 30-аас дээш насны эмэгтэйчүүд 3 жил тутам умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдана.
Умайн хүзүүн дээрх зарим өөрчлөлтийг “умайн хүзүүн эрози буюу шалбархай” гэсэн онош тавьдаг. Энэ нь умайн хүзүүн дээр улайлт байгааг хэлэх бөгөөд түүний доор үрэвсэл, дааврын тэнцвэрт байдлын алдагдал, хавдрын эхэн үеийн өөрчлөлтүүд нуугдаж байж болзошгүй. Иймд эмэгтэй хүн бүр жил бүр умайн хүзүүний дуран, эсийн шинжилгээг хийлгэж өөрийн эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй билээ.
Кольпоскопи гэдэг нь тусгай бичил харуурын тусламжтайгаар умайн хүзүүг томруулж харах шинжилгээний арга юм. Уг арга нь ямар ч өвдөлтгүй бөгөөд аюулгүй юм. Төрөөгүй эмэгтэйчүүдэд хийгдэх боломжтой.
Кольпоскопи нь мэдээлэл өндөртэй арга юм. Учир нь:
• Гэмтэж үрэвссэн голомтыг илрүүлнэ
• Үтрээ болон умайн хүзүүний хучуур эсийн байдлыг тодорхойлно
• Умайн хүзүүний өөрчлөлтийг эрт үед нь илрүүлнэ
• Хортой хоргүй өөрчлөлтүүдийг ялган оношлоно
• Зорилтот наац болон эдийн шинжилгээ авах боломжтой
Кольпоскопийг жилд нэгээс доошгүй удаа хийх хэрэгтэй бөгөөд сарын тэмдэг ирсэн үеэс бусад өдрүүдэд хийгдэх боломжтой.
Умайн хүзүүний ямар ч өөрчлөлт удаан хугацаанд эмчлэхгүй эсвэл буруу эмчилснээс болж хавдарт шилжих эрсдэлтэй гэдгийн анхаарна уу!
Умайн хүзүүний хучуур эсийн наацын шинжилгээ: нь эмгэг эсүүдийг илрүүлэх ач холбогдолтой. Уг шинжилгээг хийлгэхийн өмнө 2-3 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх, үтрээгээр лаа, угаалга хийхгүй байх хэрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд эмч умайн хүзүүний өөрлөлттэй хэсгээс эдийн шинжилгээ авч болно. Эдийн шинжилгээгээр онош илүү нарийн тодорхойлогдоно. Биопсиг сарын тэмдгийн 5-7 дахь өдрүүдэд хийдэг.